Нээлттэй Нийгэм Форум нь 2023 онд Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэрийн ил тод байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мониторинг хийх хоёр чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр зарласан юм. Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүч түншлэл ТББ “Орхон, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн цахим сангийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдалд дүн шинжилгээ хийх” нь судалгааны төслийг 2023 оны 4 дүгээр сарын 28-наас 9 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд хэрэгжүүллээ.
Шүүхийн шийдвэр www.shuukh.mn цахим санд байршиж буй өнөөгийн нөхцөл байдал, шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журмын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийснээр цаашид сайжруулах асуудлуудыг тодорхойлсон. Мөн хүний хувийн мэдээллийг нууцлахад гарч буй техникийн болон программ хангамжийн асуудлыг сайжруулах шаардлага байгааг олж тогтоосноороо чухал ач холбогдолтой судалгаа боллоо.
Судалгааны төсөл зорилгоо биелүүлж, төлөвлөсөн үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж чадсан нь судалгааны гол үр дүн байлаа. Судалгаа нь дүгнэлт зөвлөмж гаргахад бодит үндэслэл болсон гэдэгт итгэж байна. Судалгааны тайлан хэвлэлтийн шатанд явж байгаа бөгөөд тайлан хэвлэгдэн гарсаны дараа судалгааны зөвлөмжид үндэслэн шүүхүүдэд нөлөөллийн ажил хийх юм.