Хамтын хүч-түншлэлийн гишүүн байгууллагууд хамтран ННФ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүүхдийн тэтгэлэг төлөлтийн шийдвэр гүйцэтгэлийн байдалд мониторинг хийж, тэтгэлэг төлөөс зайлсхийх боломж олгоод байгаа нөхцлүүдийг судаллаа. Мониторингийн төсөлд Завхан, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дархан-Уул аймгууд, нийслэл Улаанбаатар хот гэсэн нутаг дэвсгэрийн төлөөллийг хамруулж, үндэсний хэмжээний дүр зураг гаргахыг хичээж ажилласан.
Дээрх орон нутгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын статистик тоо баримтуудыг 2020,2021,2022 оны байдлаар цуглуулж, нийт 74 мэргэжилтэн, тэтгэлэг төлөгч ба тэтгэлэг хүлээн авагчдын төлөөлөл 137 хүнээс хүүхдийн тэтгэлгийн төлбөр гаргуулах ажиллагаатай холбоотой асуудлаар санал асуулга авч, ярилцлага хийж, цуглуулсан мэдээлэл дээрээ тоон ба чанарын анализ хийснээр төслийн багийн зүгээс тодорхой дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулаад байна.
Мониторингийн багийн ахлагчаар Б.Сүндэрмаа (Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбарын зохицуулагч), мониторингийн багийн зөвлөхөөр А.Гүндэгмаа (МХХ-ны гишүүн) ажилласан бол мониторингийн багийн гишүүдээр Х.Нарангэрэл (Булган аймгийн “Гэрэлт Ирээдүй оршихуй” ТББ-ын тэргүүн), А. Долгор (Улаанбаатар хот дахь “Хөгжлийн хэлхээ” ТББ –ын тэргүүн), Б.Дашдаваа (Завхан аймаг дахь“Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” ТББ-ын эрх зүйч) нар 4 сарын турш хамтран ажиллав.